Хадгаламж өлсөхөөс эхэлнэ номын тухай ба миний хадгалах арга барил
Бүгдэнд нь сайхан зуны өдрийн мэнд хүргэе
Одоо ч албан ёсоор зун эхэлсэн гэж хэлж болох байх аа тэ. Хэд хэдэн постны тухай санаа толгойд эргэлдэж байгаа ч төдийлөн пост болгож оруулсангүй. Саяхан Азхурын 72 хувийн хямдрал болж ном авч унших гээд төдийлөн цаг, мөнгө гаргаад байдаггүй байсан хүмүүст түлхэц болж олон сайхан номнуудыг авч оюунаа цэнэглэхээр шийдсэн бизээ. Түүний нэг болгож лектор Мөнгөний “Хадгаламж өлсөхөөс эхлэнэ” хэмээх номыг уншсан тухайгаа мөн өөрийн хадгалах үр дүнтай аргуудын тухай энэхүү бичвэртээ бичлээ.
Юуны өмнө та хэр санхүүгийн сахилга баттай вэ? яг одоо хадгаламжтай юу, тогтмол мөнгө хийдэг үү, хадгаламжинд чинь хэдэн төгрөг байна вэ байхгүй юу… миний хувьд хадгаламжтай, зорьж хадгалдаг болсон нь бараг л өөрөө орлого олж эхлэсэн үе буюу ажилд орсон үеээс. Мэдээж ажилд орсон эхний жилдээ үрээд л таардаг байсан ч орлого овоо өсөхийн үеээс хадгалж эхлэсэн байдаг. Энэ нь хүний амьдралдаа авдаг томоохон худалдан авалт буюу машин, гадаад дотоод аялал, байр, гэр орны засвар, үргэлжлүүлэн суралцаж магистр зэрэг авах сургалтын төлбөр зэрэгт зарцуулагдсан. Эргээд харахад түүнээс ч ихийг хадгалж болох байсан байдаг. Яг сүүлийн 2–3 жилд хадгаламж, мөнгөний зарцуулалтдаа урьд урьдынхаасаа илүү анхаарч эхлэсэн мэдээж ипотекийн зээлтэй болсон учраас. Тэр цагаас эхлээд илүү мөнгөний асуудалд анхаарлын тэмдэгтэй хандах болсон авч энэхүү номыг уншсанаар бүр их өөрийн бодолдоо итгэлтэй болж хэд хэдэн авууштай зүйлд суралцсанаа та бүхэнд хуваалцахын хамтаар өөрийн зуршил болж хэвшсэн үр дүнтэй байдаг зүйлсийг орууллаа. Хэт урт байвал хадгалчихаад дараа нь тухтай уншаарай. Таалагдсан бол алга ташихаа мартуузай.
Хадгаламж өлсөхөөс эхлэнэ буюу 6 дансны аргын тухай энэхүү номыг зохиолч өөрийн 7 минутын видео бичлэг хэрхэн сошиал орчинд хурдацтай тарж олон үзэгчидэд хүрсэн байдал дээр суурилан номоо бичиж эхлэсэн байна. Өөрөө хэрэгжүүлж, алдаж онож, үр дүнгээ дэлгэрэнгүй тайлагнасан Монголын олон залуу гэр бүлүүдийн нэг, өрхийн тэргүүний өнцгөөс коуч хүний хувьд бичсэн гэдгээрээ маш онцлог болжээ. Хувь хүний хөгжил, санхүүгийн талын номнууд ихэвчлэн ерөнхий, зөвлөгөө голдуу хийсвэр байдаг бол энэ ном бодит амьдрал дээр суурилсан, таньдаг мэддэг бидэнд өдөр тутам тохиолдож л байдаг асуудлуудыг шийдсэнээрээ шинэлэг санагдсан.
- Зохиолч Ротаракт клубын гишүүн бөгөөд 7 хоног тутмын уулзалтын үеээр хадгаламжтай эсэх тухай яриа өрнөж клубын гишүүд яаж хадгалдаг, ямар хадгаламжтай тухайгаа ярихад бүгд л ямар нэг хэлбэрээр хадгалдаг тухай олж мэддэг. Үүнийг уншаад бид ер нь хадгаламжын тухай хоорондоо хэр ярилцдаг билээ гэж өөрийн эрхгүй бодсон. Найзууд хоорондоо ч бараг төдийлөн яриад байдаггүй байх. Гэнэт зохиолчын адил та хүрээлэл дундаа ганцаараа хадгаламжгүй нь юм биш биз. Монгол хүн байна даа хадгаламжтай болоорой хэхэ
- Зохиолч 2 дансны арга буюу харилцах, хадгаламж гэсэн хоёр дансаа ашиглан хадгаламжруугаа орсон орлого бүрийн тодорхой хувийг /30–40 хувь / шилжүүлэх замаар байрныхаа урьдчилгааг бүрдүүлж чадсан байдаг. Мундаг байгаа биз.
- Үүнээс цаашлаад 6 данс бүхий 6 карттай, тус тусын зориулалт бүхий дансуудыг үүсгэж олсон орлого бүрийн тодорхой хувийг шууд шилжүүлэх зарчимаар үлдсэн мөнгөөр нь амьдрах болсон байна. Энэ нь мэдээж зарим тохиолдолд хангалттай мөнгө биш байсан тул шинэ хувцас авахгүй байх, дээлтэй өвөлжих, гадуур хооллохгүй өдрийн хоолоо өөрөө бэлдэж авчирах г.м
- 7 хоногт 3 удаа заавал өглөө фитнесс хийдэг. Өөрийн бусад ажлуудаа тэдгээр цагаас бусад үед төлөвлөдөг. Тэр цагуудаа зөвхөн өөртөө зориулдаг. Юу идэх идэхгүйгээ тодорхойлж 6 цагаас хойш орой хоол идэхээ больсон г.м. Маш их турж чадсан байна лээ. Түүнчлэн цуйвангийн хамаарлаасаа сал гэсэн байсан нь тун зөв санагдсан шүү дээ. Монгол эрчүүд цуйван хоёрыг салгаж ойлгож болохгүй мэт л бодогдоод байдаг хэхэ
- Аялалын данстай. Аялалын дансандаа тогтмол орлогоосоо мөнгө шилжүүлснээр аялах мөнгөө цуглуулчихдаг.
- Зугаа цэнгэлийн данстай: Тогтмол багахан хувийг орлого тус бүрээсээ хийх бөгөөд зугаа цэнгэлийн данс хоосорвол дараагийн орлого хүртэл тэр тал дээр мөнгө үрэхгүй
- Хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруул… ирээдүйн хүүхдийнхээ дээд боловсрол, дугуйлан дамжаанд бэлтгэ
- Зохиомлоор ядуур: Амьдралын хэв маягаа өөрчлөх тухай л даа. Хоолоо гэрээсээ авчирах, шинэ хувцас авахгүй байх, машин унахгүй байх, танил найз нөхөд чинь хамгийн сүүлийн үеийн утастай байх, машинтай байхыг үл тоох гэх зэрэг.
Эцэст нь хэлэхэд энэ номон дээр хадгалахгүй байхад хүргэдэг олон шалтаг шалтгаануудыг маш гоё бичсэн байна лээ. Хүссэн хэмжээний хадгаламжтай болохын тулд түр хугацаанд зохиомлоор ядуурах ч бас зүгээр шүү. Яг л шалгалт ойртоход зугаа цэнгэлийн үйл ажиллагаагаа, идэж уух, унтах цагаа ч хугасладаг шиг.Түүнчлэн өрийн тухай… хүмүүс хэрхэн гар дээр аваагүй байгаа орлогоо тооцож өр зээл тавьж өрийн тойрогт орж өрөөс өрний хооронд амьдардаг тухай…
Миний хувьд 9-р ангиас маань эхлэсэн юм уу даа. Аав маань 1 сарынхаа төсөвийг бичиж өг гээд тэр цагаас 1 сар тутам мөнгөөр худалдан авах шаардлагатай зүйлсээ бичиж аавдаа өгөөд түүнийхээ дагуу мөнгө авдаг байлаа. Хөөрхөн интернет кафе 3 удаа орох мөнгө 1800 төгрөг гэх мэтээр бичиж авдаг байсан.
Миний хадгалах зуршилын тухайд: Дээр дурдсан зохиолчын хэд хэдэн аргыг би хувьдаа ашиглаж байсан. Миний хувьд үр дүнтэй байдаг аргуудыг дурдвал:
- Зорилго тавих, төлөвлөгөө гаргах: Энэ хоёр ихэвчлэн хамтдаа байдаг л даа. Жишээ нь би байрны зээлний үндсэн төлөлтөөсөө 5 сая төгрөг хасъя гэсэн зорилго тавьсан бол олж буй орлогоосоо 200000 төгрөгийг сар бүр хадгаламжийн дансруугаа хийх г.м Most Money app дээр өөрийнхөө дансыг хүссэнээрээ нэрлэж болдог нь таалагддаг шүү.
- Дээр дурдсан мөнгөн дүнг хасаад үлдсэн мөнгөн дээрээ тоглолт хийнэ. Хүрэхгүй байвал илүү хэрэглээгээ танадаг даа. Жишээ нь гадуур худалдан авдаг кофе, гадуур хооллолт, баасан гаригт гарах, худалдан авалтууд г.м
- Challenge -д өөрөө өөртөө зарладаг. Жишээ нь би минималист үзэл баримтлал, амьдралын хэв маягийг их сонирхдог бага багаар амьдрал дээр хэрэгжүүлэх сонирхолтой. Миний өөртөө зарлаж байсан challenge-д гэвэл 6 сарын турш хувцас авахгүй байх. Үүнд гутал, цүнх орохгүй. Мөн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн хувьд заавал бүрэн дуусгаж байж шинийг авах. Аливаа шинэ юмийг авахдаа 1 сар бодож байж авах г.м
- Баасан гаригт гарах буюу түүнтэй адилтгах үйл ажиллагааг багасгах буюу байхгүй болгоход мөнгөнд бас их хэмнэлттэй байдаг. Ганцхан оройд хоол унд, ууж идэх, бар, караокэ гээд хичнээн зардал гардаг билээ дээ түүний ач холбогдол нь хаа байна гээд бодохоор заримдаа үнэхээр хэрэгцээгүй зүйл байдаг.
- Хүнс, ахуйн хэрэглээний зүйлс хямд газраас аль болох бөөн авах: Ихэнхи газрууд хичнээн мөнгийг үндсэн үнэн дээр нь нэмж зардагийг та бүгд мэднэ л биз дээ. Манай гэртэй ойр байдаг миний зах л гэхэд ахуйн хэрэглээний бараа бүр дээр 800–1600 төгрөг нэмж зардаг. Зарим хүнснүүд арай гайгүй байдаг ч гэлээ. 10 ширхэг ахуйн хэрэглээний янз бүрийн юм аваад гарлаа гэхэд 16 000 төгрөг зүгээр өгчихөөд гараад ирж буй мэт. Түүгээр чинь бас кайфтайхан шиг кофегоо авч уувал зүгээр биз дээ.
- Янз бүрийн онлайн дэлгүүрүүдийг unfollow, unsubscribe хийх. Имэйл дээр гэхэд л тэдэн хувь хямдарлаа гээд л , ийм гоё бараа ирлээ гээд л. Юу ч авах шаардлагагүй байж л хямдарлаа гэхээр үзээд байдаг, гоё моод гэхээр авах гээд байдаг эмэгтэйчүүдийн гэлтгүй зан байдаг даа. Яг үнэндээ их хямдарсан бараа авахаар ашигтай байгаад байгаа ч гэлээ тухайн барааг авсан 100000 анхнаасаа юу ч авах шаардлагагүй байсан тул юу ч аваагүй байсан бол түрийвчэндээ байж л байх байлаа шүү дээ
- Би хувьдаа машингүй. Амарыг нь бодвол машинтай байх сайхан л даа. Гэхдээ ажил, сургууль ойр байлгах асуудлаа шийдэж чадсан учраас машингүй амьдрал болоод л байдаг юм. Ойр байвал алхчихна эрүүл мэндэд сайн. Хол бол автобусанд сууна. Бүр болохгүй цаг давчдаад байвал таксинд сууна. Тэглээ гээд гарч буй зардал нь машин авах, машин арчлах, дээр нь хүний машин мөргөх, тордолгооны зардалын хаана нь ч хүрэхгүй бага мөнгө.
Нилээн урт бичвэр болчих шиг боллоо. Энэ хүртэл уншсанд баярлалаа. Хэрэгтэй ганц ч гэсэн санаа өгсөн гэж найдаж байна. Та ч бас өөрийн хэрэгжүүлдэг үр дүнтэй арга байвал комментоор хуваалцаарай. Энэ бичвэр таалагдсан бол найз нөхөддөө уншуулаарай. Санхүүгийн сахилга бат хэн бүхэнд л хэрэгтэй шүү дээ.